Увс аймгийн зургаан барилгын компани хамтарч Улаангом сумын 3-р багт хүүхдийн тоглоомын талбайг өөрсдийн хөрөнгөөр барьж өгөх гэж байна.
Гэвч хүүхдийн тоглоомын талбай байгуулах газар дээр нь гурван гараж байгаа тул компаниуд ажлаа эхлүүлж чадахгүй байна. Улаангом сумын ЗДТГ-аас газар чөлөөлөх ажлыг хөөцөлдөж, гражийн эздэд газраа чөлөөлөх санал тавьж, нүүлгэн шилжүүлэх зардалд нь зориулж зөвшөөрөлтэй бол гурван сая, зөвшөөрөлгүй бол хоёр сая төгрөг шийдэж өгөхөөр болжээ.
Энэхүү тоглоомын талбайг “Ундарга констракшн”, “Аянжин”, “Сантех-Увс”, “Цагаан хөшөө трейд”, “Амарсанаа”, “Хяргас трейд” компаниуд хамтран барих ба тус бүр нэг сая төгрөгийн тоглоомыг бэлэн болгоод байгаа аж. Үүнээс гадна хашаа хайс барих, цэцэг навч тарих, зүлэгжүүлэх зэрэг тохижилтын ажлыг мөн эдгээр компаниуд хийх юм байна.
Сүүлийн жилүүдэд Улаангом хотноо барилга орон сууц олноор баригдаж байгаа ч ихэнх байрны гадна хүүхэд тоглох, оршин суугчид амарч салхилах талбай байхгүй байгаа юм.
Увс аймаг Б.Батхүү