Увс аймгийн “Бошигтын хишиг” харуул хамгаалалтын албаны дэргэдэх Таеквондагийн клубын тамирчид Баян-Өлгий аймагт зохиогдсон Өсвөр үеийн баруун бүсийн таеквондагийн аварга шалгаруулах тэмцэнд амжилттай оролцоод иржээ.
Тэмцээний жин тус бүрт 14 тамирчин өрсөлдсөнөөс 11 нь медальт байранд шалгарч, багийн дүнгээр 2-р байр эзлэн мөнгөн медаль хүртсэн байна. Увс аймагт таеквондагийн спортыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж, сар гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулсан тус клубын тамирчид анхныхаа тэмцээнд чамлахааргүй амжилт гаргасан нь сайшаалтай байна.
“Таеквондогийн спортоор арвин тушлагатай Ховд, Баян-Өлгий аймгийн тамирчидтай энэ тэнцүү өрсөлдөж, богино хугацаанд томоохон амжилт гаргасандаа сэтгэл өндөр байна” хэмээн тус клубын дасгалжуулагч багш С.Зунгарав хэллээ.
Тус клубын зүгээс цаашдаа аймаг орон нутагтаа таеквондагийн спортыг хөгжүүлж, залуусыг бие хамгаалах урлагт сургах тал дээр анхаарч ажиллах юм байна. Мөн 12-р сард болох Олимпийн Таеквондогийн ерөнхийлөгчийн нэрэмжит аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж эхэлжээ.
Б.Батхүү