УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт өчигдөр Увс аймагт эхэллээ.
Сургалтыг гурван ээлжээр хийж байгаа бөгөөд эхний ээлжинд Зүүнговь, Түргэн, Өмнөговь, Өлгий, Малчин, Наранбулаг сумдын ИТХ-ын төлөөлөгчид оролцож байна.
Тус сургалтыг сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд зааж чиглүүлж байгаагаас гадна багаар ажиллах, хэлэлцүүлэг ярилцлага явуулах зэргээр төлөөлөгч бүрийн оролцоог хангаж байгаа аж. Сургалтын дараагийн ээлжид Баруунтуруун, Хяргас, Өндөрхангай, Зүүнхангай, Тэс, Завхан сумдын төлөөлөгчид хамрагдах юм байна.
“Увс аймгийн хувьд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 403, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 41 хүн сонгогдсон бөгөөд эдгээр хүмүүст нутгийн өөрөө удирдах байгууллагын ажиллах дүрэм журам, төлөөлөгчийн эрх үүрэг, ажиллах зарчим зэрэг чухал мэдээллийг багцлан хүргэж байгаагаарай энэ удаагийн сургалт чухал үр дүнтэй болж байна” хэмээн аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат онцоллоо.
Б.Батхүү